Мэндчилгээ

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН МЭНДЧИЛГЭЭ

Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил боловсролоос гэдэг дээ. Гэгээ сургууль Монгол улсын боловсролын хөгжилд маш том жин дарахуйц хувь нэмэр оруулах болно. Яагаад гэвэл бид энэ тухай дэндүү олон жил бодож, тэмцэж, тэр хэрээр маш баялаг туршлага хуримтлуулж чадсаан.

Бидэнд өвөг дээдсээс уламжлаж ирсэн үнэт нандин арга зүй бий. Монгол гэр сургалтын арга хэмээн нэрлэгдэх тэр арга зүй одоо Монгол улсын оюуны өмчийн хуулиар Гэгээ сургуулийн нэр дээр баталгаажсан.

Монголын хамгийн сайн сургуульд ажиллаж байсан бага ангийн багш нар Гэгээ сургуульд хүчээ өгч хөгжлийн түүчээ болохоор зорин ирсээр байна.

Хамгийн гол нь бидний дээдэлдэг сургалтын үзэл баримтлалыг ойлгосон эцэг эхчүүд бяцхан үрсээ хөтөлсөөр өдөр болгон Гэгээ рүү ирцгээсээр байгаа нь юутай бахтай хэрэг билээ?

Хүний амьдралын хамгийн жаргалтай алтан үе нь хүүхэд нас бөлгөө. Тэр дундаа хүүхдийн өдөр тутам байтугай цаг мөч бүхэн алт эрдэнэсээс үнэ цэнтэй байдгийг ухааран ойлгосны үндсэн дээр Гэгээ сургууль хамгийн идэвхтэй, утга учиртай сургалтын үйлчилгээг үзүүлэх болно.

Сурагчдын маань өглөө нойрноос сэрээд санадаг хоёр дахь гэр нь "Гэгээ" сургууль байх болно. Энэ бол зөвхөн хүсэл мөрөөдөл төдий хэрэг биш, асар өндөр үүрэг хариуцлага гэдгийг ухамсарласан чадварлаг хамт олон та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Сургууль хичээл гэхээр нэг их уйтгартай, урт удаан үргэлжилсэн ойлголт ухаан санаанд буудаг үзэгдлийг хамтдаа халцгаая.

Гэгээ сургуулийн үүсгэн байгуулагч, Доктор Профессор, Билигт гүүш, дуун хөрвүүлэгч Доржсүрэнгийн Болдбаатар

 

 

“Гэгээ” сургуулийн үүсгэн байгуулагч, доктор Доржсүрэнгийн Болдбаатарын охин Билгүүн миний хувьд аавынхаа “хүмүүний сэтгэлийг тогтоон, утгад нэвтрэх” аргыг өвлөн авч, хүүхэд бүр аз жаргалтай суралцах инновацийг хөгжүүлэн, эрдмийн өргөөнийхөө өндөр үүдийг нээж байгаадаа баяртай байна.

Миний хамгаас эрхэм хүү, охинтой минь хамт суралцаж, хөгжих олон зуун хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, хүнлэг, бүтээлч иргэн болж төлөвшин, хөгжих эрхэм үйлсийн төлөө ээж хүний хувьд хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. 

Хайртай аавын минь чин сэтгэл, оюун, хичээл зүтгэлийн дээж болсон, монгол ухаанаас эхтэй “ГЭГЭЭ”-ийн аргыг хүүхэд бүрийн төрмөл чанар, давуу талд суурилан монгол, англи, хятад хэл, байгалийн ухаан, математик, технологийн гүнзгийрүүлсэн STEAM сургалтын зарчимтай боловсролын хөгжлийн жишиг сургууль болох зорилгоор манай хамт олон нэгдэн ажиллаж байна.

Кембрижийн олон улсын хөтөлбөртэй “Гэгээ” бүрэн дунд сургуулийн хөтөлбөрийн үр дүн буюу хүүхэд бүрийн эзэмших ур чадвар нь  “шинжлэх ухааны мэдлэг, сэтгэлгээ”, “хувь хүний ур чадвар, хандлага”, “хүмүүстэй харилцах, багаар ажиллах”  гэсэн агуулгын хүрээнд XXI зууны иргэний 12 чадамжийг бүхий л хичээл, үйл ажиллагааны үед хүүхэд бүр аз жаргалтайгаар өдөр тутам дадлагажуулан суралцана.

Манай сургууль хүүхэд бүрийг нэгдмэл агуулгаар дарамтгүй суралцах, ахиц, амжилтыг урамшуулах сургалтын хэрэглэгдэхүүн, орчин, арга зүйг цогцлоосон.

Аз жаргалтай суралцсан хүүхэд бүхэн өөртөө итгэлтэй, хүсэл зорилгодоо үнэнч, хичээн чармайж амьдрах чадварт суралцсан байна гэдэгт би итгэлтэй байна.

Гэгээ сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Болдбаатарын Билгүүн