info@gegee.edu.mn   +976 99039835

ХАЛЕД ХОССЕНИГИЙН ХОЁР ДАХЬ РОМАН БУЮУ СЭТГЭЛИЙН ГҮНЭЭС МАНДАХ МЯНГАН НАРНЫ ТУХАЙ

ХАЛЕД ХОССЕНИГИЙН ХОЁР ДАХЬ РОМАН БУЮУ СЭТГЭЛИЙН ГҮНЭЭС МАНДАХ МЯНГАН НАРНЫ ТУХАЙ 


Миний бие (Д. БОЛДБААТАР) олонх монголчуудтай харьцуулбал нэлээд хожуу буюу 2005 оны зуны эхэн сарын шинэдээр АНУ-д хөл тавьсан юм. Номын хүний зандаа хөтлөгдөн очсон томоохон хотуудын номын дэлгүүр, номын сангуудаар сонирхон ороход «The Kite Runner» буюу “Цаасан шувуу наадуулагч” роман хамгийн түрүүнд нүдэнд тусаад байж билээ. Тухайн үед америкийн номын зах зээлд ид цахиур хагалж, нэг үе “Нью Йорк таймс” сонингийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг 121 долоо хоногийн турш манлайлж байсан уг номын хавтасны ард зохиолч Халед Хоссенигийн хоёр дахь бүтээл болох «Dream in Titanic City» нэрт роман 2006 оны зун гэхэд хэвлэгдэн гарна гэсэн утга бүхий зар сурталчилгааны чанартай өгүүлбэр бичээстэй байсан нь одоо та бүхний гар дээр очиж байгаа «Мянган нарны цацраг» романы анхны нэр байжээ. Алс бөглүү афган орны тухай өгүүлэх зохиолд яахаараа Титаник нэртэй хот гараад ирдэг байна вэ хэмээн уншигч та гайхаж байж мэдэх юм. Гэвч уг романыг уншиж байх явцад дээрхи асуултын тайлалыг тодорхой өгүүлсэн байдаг болохоор энэ талаар олон зүйл нуршихыг түдгэлзсү.
Афган гаралтай америк зохиолч Халед Хоссенигийн “Цаасан шувуу наадуулагч” романыг эх монгол хэлээрээ орчуулан гаргасны дараа олон уншигч надад хандан уг бүтээлийн талаар санаа бодлоо илэрхийлж байсны дийлэнх нь эерэг, талархсан өнгө аястай байсны зэрэгцээ “Мянган нарны цацраг” зохиолыг гаргавал бүр илүү сонирхолтой шүү дээ гэсэн хүсэлт цөөнгүй байлаа. Нэгэн дуугаар нэрд гарахын үлгэрээр уншигч олныг байлдан дагуулсан том бүтээл туурвисан зохиолч удаах зохиолоороо өөрийн урьд хүрсэн амжилтыг эвдэх нь юу л бол гэж тухайн үед төрж байсан бодол маань “Мянган нарны цацраг” романыг уншин судлаж байх явцад үндсээрээ өөрчлөгдөж, зохиолчийн хэл найруулга, дүрслэл, зохиомж нь харин ч илүү зангаргатай болсныг төвөггүй ойлгож билээ. Уншигч та ч гэсэн уг бүтээлийг унших явцдаа өөрийн эрхгүй тийм бодолд автана гэдэгт эргэлзэхгүй байна. 
Лалын ертөнцийн бүсгүйчүүдийн бие махбод, сэтгэл санааг боомилон агдласан «Бурка» нэрт үндэсний хувцасны цаана эмэгтэйчүүдийн хүний эрх талхлагдан тэр хэрээр цаглашгүй их зовлон шаналал нуугдаж байдгийн сэжүүрийг уг роман уран зохиолын хэлээр нүдэнд үзэгдэж гарт баригдтал дүрслэн харуулсныг та бүхэн унших болно. Нөгөө талаар бүхэл бүтэн үндэстнийг уй гашууд унагаж, айл бүрийг үхэл хагацалтай учруулсан аюулт дайны хар бараан сүүдрийг хувь хүмүүсийн өөр өөр амьдралын өнцгөөс хичнээн тод томруун харуулсан нь таны сэтгэлийг шимшрүүлэхгүй байхын аргагүй. 
Нийгмийн тэгш бус байдал, гэр бүлийн хүчирхийлэл, дайн байлдаан, үхэл хагацал зэрэг хүний орчлонгийн олон арван гай гамшгийн дунд, гэнэн багын хайр сэтгэл, хүний мөс чанар л өнгөө алдалгүй үлдэж, мянган нарны гэгээн цацраг мэт өнө мөнхөд гялалзаж байдгийг та энэхүү номноос уншиж, уярал ухаарлын дээжээс нь хүртэх болтугай! 
“Цаасан шувуу наадуулагч” романы нэгэн адил манай номын хорхойтнуудын унших дуртай бүтээлийн жагсаалтанд хүндтэй байр суурь эзлэх болсон “Мянган нарны цацраг” роман эртний Персийн алдарт яруу найрагч Хафезийн зохиосон

«Ухаант Жозеф Каанан нутагтаа эргэн ирнэ ээ, бүү шанал
Ургаа сарнайн мандал ч байшин сав руу чинь харах болно, бүү гунь!
Усан галав хамаг амьтадын амийг аван одохуйн цагт 
Удамт Новагийн завь хар шуурганаас гэтэлгэнэ, санаа бүү зов!» 
хэмээх дөрвөн мөртөөр төгсдөг. Тэгвэл 13 зууны үеийн 
Персийн алдарт яруу найрагч Румигийн

«Зөв буруу хэмээн төөрөлдөхөөс ангижраад 
Зөрөг замаар ороод нэгэн талд хүрвээс 
Зөрөхгүй ээ, над лугаа тэнд учрах болно.» хэмээх өөр нэгэн шүлгээр титэм болгосон Халед Хоссенигийн гуравдахь том бүтээл «Уулсын цууриа» романы тухай дараачийн бичлэгтээ өгүүлэх болно.