info@gegee.edu.mn   +976 99039835

АЛСЫН ХАРАА

Дэлхийн түүхэнд суу алдраа мандуулсан алдартай жанждын нэг Наполеон хаан ширээнд заларсныхаа дараа хэрэгжүүлсэн олон ухаалаг бодлогын дотор боловсролын асуудал томоохон байр суурийг эзлэдэг. Тэр бүхнийг «Манай бүхий л тогтолцооны дотор иргэний боловсрол хамгаас чухал юм. Яагаад гэвэл одоо хийгээд ирээдүйд хамаг зүйлсийн үр дүн гагц түүнээс шалтгаалах учраас тэр болой.» хэмээн түүний хэлсэн нэгэн алдартай үгнээс харж болох юм. Түүний санаачлагаар байгуулагдаж байсан Францын элит сургууль 12 Нобелийн шагналтныг төрүүлэн гаргасан тул «Нобелийн шагналтны лаборатори» хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Наполеоноос ч бүр өмнө Францын их хувьсгалын үед байгуулагдсан Парисын технологийн коллеж нь Франц төдийгүй дэлхий дахинаа ихээхэн алдартай сургуулиудын нэг юм.

1804 оны 12 сарын 03-ны өдөр Наполеон Францын эзэнт гүрний хаан ширээнд заларсаны хоёрдахь өдөр цэргийн сүрлэг парадыг зохион байгуулсан бөгөөд Парисын технологийн коллежийн оюутны отряд эзэн хааны торгон цэргийн ангийн араас жагсаж байснаас харахад Наполеоны сэтгэл зүрхэнд хэр зэрэг хүндтэй байр суурь эзлэдэг байсан нь харагддаг. Тэр арга хэмжээний үеэр Наполеон уг сургуулийн оюутнуудад «Эх орныхоо шинжлэх ухаан, алдар хүндийн төлөө» хэмээх бичигтэй тугийг гардуулан өгсөн ажээ. Энэ их ачлал хүндлэлд уяран догдлосон оюутан залуус эх орныхоо бүтээн байгуулалтын үйл хэрэгт шамдан орж, хэрэгтэй цагт амь насаа өргөхөд бэлхэн гэдгээ тангараглажээ.

1814 онд Орос, Австри-Унгар, Пруссийн хамтарсан цэргийн их хүч Парис хотын хаяанд хүрэлцэн ирэхэд технологийн коллежийн оюутнууд зэвсэг барин эх орноо хамгаалах ариун дайнд оролцох хүсэлтээ Наполеонд уламжилсан байна. Оюутны төлөөлөгчид эзэн хаандаа бараалхахдаа: “Бид таны «Эх орныхоо шинжлэх ухаан, алдар хүндийн төлөө» хэмээх бичигтэй туг бидэнд гардуулан өгснийг өдгөө болтол мартаагүй байгаа. Энхрий хайрт эх оронд маань аюул занал тулгарсан энэ цаг үед бид халуун цус бүлээн амиа хайрлахгүй тулалдахад бэлхэн байна.” хэмээх үгийг дуулаад хатуу ширүүн тулааны талбарт хугарч нугарч үзээгүй Наполеоны нүдэнд нулимс цийлгэнэж байсан гэдэг. Тэр цэрэг эрийн эрдүү тод дуугаар: “Та бүхэн бол манай Франц улсын ирээдүй болохоор надад та бүхнийг тулалдааны тэргүүн шугам руу явуулах эрх алга даа!” хэмээн товч атлаа тодорхой хэлсэн тул оюутнууд арга буюу толгой гудайлгасаар тэндээс холдоцгоожээ.

Наполеоны шадар генералууд түүнд хандаж: “Бидэнд цэргийн хүч маш дутмаг байгаа нөхцөлд эдгээр залуусыг тэргүүн шугам руу явуулахаас та яагаад татгалзав?” гэхэд Наполеон хариуд нь: «Би алтан өндөгийг авахын тулд түүнийг төрүүлэгч эм тахиаг нядлаж чадашгүй !» хэмээн хэлсэн нь түүний гүн ухаанч холч сэтгэлгээг харуулахын зэрэгцээ энэ алдартай үг нэлээд хожуу хойно олон улсын хэмжээнд ихээхэн тархахад түлхэц болжээ. Хожим нь Наполеоны хэлсэн энэ алдартай үгийг Парисын технологийн коллежийн их танхимын таазан дээр сийлж мөнхлөсөн бөгөөд тус сургуулийнхны бас нэгэн бахархал болсоор байдаг ажгуу.

Наполеон хэдийгээр амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан боловч эх орныхоо ирээдүй болсон залуу оюутнуудыг фронтын тэргүүн шугам руу явуулахыг тас хориглож байсан нь тэдэнд ихээхэн урам зориг төрүүлж хожим тэдний дундаас тоо томшгүй олон академич, инженер, бизнесмэн, цэрэг улс төрийн зүтгэлтэн зэрэг Францын төрийн нурууг төвшин авч явах хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүс төрөн гарсан гэдэг.

ТА БҮХЭН ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ТАНД БОЛООД ТАНЫ ГЭР БҮЛД УХААН ХИЙГЭЭД УХААРАЛ НЭМСЭН "ГЭГЭЭГИЙН СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГҮҮД"-ИЙГ уншихыг хүсвэл хүргэлтээр захиалан унших боломжтой.