info@gegee.edu.mn   +976 99039835

ЦАГААН ТОЛГОЙ ЗААХ ШИНЭ АРГА ЗҮЙН ЗАРЧИМ

Энэ арга зүйг боловсруулахдаа бид дараах үндсэн онцлог зарчмуудыг баримтлав.

1. Юуны өмнө тав зургаан насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэглэдэг үгсийн сангийн хүрээнд бичвэрүүдийг боловсруулах тал дээр онцгой анхаарч байна. 
"Аав" гэдэг үгийг заасан бол дараа "Аав аа", "Аав та", "Аав аа та" гэх мэтээр хувиргах жишээтэй.

2. Гэгээ сургалтын төвийн хэрэглэдэг гадаад хэл сургах эртний Монголын гэрийн сургалтын арга дээр суурилсан. Бид хятад англи хэлийг заахдаа "аав, ээж, ах, эгч, дүү, эрэгтэй дүү, эмэгтэй дүү" гэсэн зургаан баатар дээр тулгуурлан өгүүлбэрийн үндсэн хувиргалыг хийлгэдэг. Тэгвэл Цагаан толгойн шинэ аргадаа "аав, ээж, ах, эгч, дүү, эмээ, өвөө" гэсэн долоон баатрыг сонгон авсан нь хүүхдүүд шинэ үгээ нүдлэхэд маш хялбар дөхөм болгож байна.

3. Электрон самбар ашиглаж байгаа нь хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт хэр зэрэг байгаа болон хичээлийн оролцоог нь хянах боломжийг багшид олгож байна. Түүнээс биш нэг нэг ном өмнөө дэлгээд сууж байгаа хүүхдүүдийг тэр болгон бага ангийн багш хянах боломж байдаггүй.

4. Суралцаж байгаа хүүхдүүд электрон самбар дээр гарч ирсэн өгүүлбэрийг нэгэн дуугаар чанга уншдаг нь өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах чадвар суулгах сайн талтай юм. Сургалтын ийм цогц орчин бүрдүүлж чадсанаар хүүхдүүд хоцрогдолгүй түргэн уншиж сурах боломжтой болж байна.

5. "аав, ээж, ах, эгч" зэрэг долоон үгийг ямар ч байрлалд байсан төвөггүй ялгадаг болсон үед "Сайн аав", "Манай аав", "Миний аав", "Танай аав", "Чиний аав", "Түүний аав" гэх мэт холбоо үгсээр хувиргуулаад эхлэхээр хүүхэд их хурдан, хялбар сурахын зэрэгцээ тэр хэрээр тусгал нь сайжирч байдаг нь ажиглагдлаа. Түүнээс биш уламжлалт Цагаан толгойн номон дээр байдаг "араг савар", "шээзгий" зэрэг хот хүрээний хүүхдүүд тэр болгон мэддэггүй үгсийг уншуулж сургахаас гадна утгыг нь тайлбарлаж ойлгуулна гэдэг бага ангийн багшид бас л амаргүй даваа байдаг байж мэднэ. Харин хүүхдийн сайн мэддэг үгсийн сангийн хүрээнд үгийн давтамж аль болохуйц олон байхаар бодож боловсруулсан нь манай аргын өөр нэгэн давуу тал болох нь харагдаж байна.

6. Бидний аргын өөр нэгэн онцлог бол бүтэн үгийг шууд нүдлүүлэн уншуулдаг. Өнөөдөр над дээр нэгдүгээр анги төгссөн нэг хүүхэд ирээд шалгуулахдаа манай таван настангуудын торохгүй хурдан уншдаг үг, өгүүлбэрүүдийг одоо хэр нь муухан үсэглээд уншиж байх юм.

7. Энэ арга зүйг боловсруулахад суралцагч хүүхдүүдийн идэвхтэй оролцоо маш чухал үүрэгтэй байгаа бөгөөд эмээ өвөө, ээж аав нар нь ард хараад сууж байдаг нь гэр орондоо хүүхдүүдтэйгээ хамтран ажиллахад дөхөмтэй байдгийг өгүүлэх юун.

8. Гэгээгийн Цагаан толгойн шинэ аргазүйн сургалт өдөр болгон 11-30-аас 12-30-ын хооронд Мөнгөн Завьяагийн ар талын Денвер оффис төвийн байранд хичээллэж байгаа тул та бүхэн ч гэсэн тав зургаан настай сургуульд орохоор бэлтгэж байгаа хүүхдүүдээ дагуулан ирээд хамруулахад манай үүд хаалга нээлттэй шүү. Бид бичүүлж, цээжлүүлж, гэрийн даалгавар өгч хүүхдэд ачаалал нэмдэггүй. Ердөө өдөр болгон нэг цаг бараг тоглоом маягтайгаар хичээллэхэд дийлэнх хүүхдүүд гурван өдрийн дотор бусдыгаа дагаад уншдаг болчхож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99445594, 99184941 утсаар лавлах буюу Гэгээ сургалтын төв пэйж дээрээс үзээрэй.