info@gegee.edu.mn   +976 99039835

ЧАНГА ДУУГААР УНШИХЫН АЧ ТУС

       Анх орчуулганд орж байснаа та бүхэнд ярьж өгвөл сонин байх болов уу? Гол нь түүнээс ойлгосон зүйлийн цаана маш чухал гадаад хэл сурах арга нуугдаж байгаа юм. 
1990 оны намар шиг санагдаж байна. Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид олон жилийн дараа хятад улсад айлчлах болсон юм. Би хоёр гурван ном бүтээл гаргачихсан хамгийн залуу тэргүүлэгч гишүүний зэрэгцээ орчуулга хийхээр явлаа. Нойтон тугал барнаас айдаггүй гэж хятад ардын зүйр үг байдагчлан юунд оролцох гэж байгаагаа ч мэдэхгүй амьтан байж билээ. Уг нь их сургуулийг улаан дипломтой төгсчихсөн, Монголын радиод хоёр гурван жил ажиллачихсан амьхандаа л «Лут том амьтан» боловч, синхрон орчуулгын туршлага гэж үнэхээр байсангүй. Эхний албан ёсны хэлэлцээр дээр залуусын хэлдгээр ёстой «Будаа болох нь холгүй» дууссан юмдаг. Миний үеийн залуу хятад орчуулагч орчуулна гэж ёстой тачигнаад л явчих юм. Би байдаггүй дээ. Хэд гурван үг эвлүүлсэн чиглүүлсэн болоод хар хөлс маань чийхран урсаад сүйд болж байсан байлгүй. Далай шиг том танхимд гэрэл зургийн аппарат гялалзаад, тухайн үеийн хоёр талын дарга нар гэж шкаф шиг ханайсан эрчүүд өөд өөдөөсөө хараад суучихсан сүртэй гэж жигтэйхэн. Ядаж байхад намайг гацах тоолонд Монголын талаас нэг хүн танхим дүүрэн шогшроод гаслаад явчих нь сэтгэлзүйн хувьд нэн илүү нэрмээс болж байлаа. Тэр нь манай Бавуугийн Лхагвасүрэн гуай байсан юм. «Төрийн ажлыг ёстой баллаж хаялаа.», «Улсын нэр нүүрийг түлж гүйцлээ л дээ.», «Над шиг амьтан яах гэж хүн болж төрөв өө?» гэх зэрэг элдэв бодол эргэлдээд ёстой л болдогсон бол газрын гаваар шургаад орчихмоор санагдаж байсан даа.

       Орой нь Бээжин зочид буудлын өрөөнд хятадын талын орчуулагч залуутай уулзаж жаахан хууч хөөрлөө. Би өнөөдөр яасан бэ? Паактласан уу?” гэж би мэндийн зөрүүгүй асуулаа. 

       Гэтэл өөдөөс “Үгүй ээ, чи харин сайн байсан. Нэгдүгээрт: Чиний дуудлага маш сайн байна. Хоёрдугаарт: Даргынхаа хэлэх гэсэн санааг орчуулах эрмэлзэл мэдрэгдээд байна. Гол нь туршлага байхгүй юм даа. Хэн ч байсан анхны орчуулга дээр иймэрхүү л байдаг.” гэж байна шүү. 
Би түүнээс “Чи надаас нэг жилийн сүүлд монгол хэл сурч эхлэсэн. Гэтэл яахаараа ийм хурдан сайжирсан байдаг билээ?” гэж асуув. 
Түүний хариуд: "Би өдөр болгон 30 минут танай Ардын эрх сонинг чанга дуугаар уншдаг. Өөр юу ч хийдэггүй. Түүний үр дүнд надад одоо танай ардын эрх сонин дээр мэдэхгүй үг байхгүй болсон." гэсэн нь надад маш том ухаарал бэлэглэсэн юмдаг. Би тэгвэл яагаад хятадын Жэньминь Жибао сонинг гучин минут уншаад байж болохгүй байх билээ гэсэн бодол ёстой орой руу орох шиг болоод түүнээс хойш тийм зуршлыг хэвшүүлсэн дээ. 

      Дараа нь бид нар Гуандун мужаар айлчлаад Өвөрмонголд хүрэлцэн ирлээ. Тухайн үеийн Өвөрмонголын Бөхөө даргатай албан ёсны уулзалтанд орлоо. Манай нийгэмлэгийн дарга Энэбиш гэж сайхан хүн байсан даа. Лхагвасүрэн гуай маань учиргүй гаслаад байх нь цөөрснийг бодоход миний орчуулга бас ч гэж гайгүй болсон юм даг уу ? Тэгээд юу ч байсан юм бэ бүү мэд нэг арга хэмжээн дээр хоёр даргынхаа хажууд зогсоод орчуулга хийх боллоо. Бас л миний үеийн залуухан өвөрмонгол залуу өөдөөс харчихсан зогсож харагдана. «Энэ өвөрмонгол ч одоо намайг зүйл дуусгана биз дээ!» гэсэн шүү юм бодох зуур өвдөг чичрээд болдоггүй. Тэгээд жаахан зоригоо чангалаад цэх харсан чинь нөгөө өвөрмонгол орчуулагчийн хацар нь татавганан чичирч байдаг байгаа. Түүнийг үзээд «Миний өвдөг чичирч байгаа бол эсрэг талын орчуулагчийн хацар татваганаж байна шүү дээ!» гэж бодоход сэтгэл уужрах шиг болоод тэр удаагийн орчуулга нэлээд дөмөг болоод явчихсан юм. 

      Энэ бичлэгийг уншиж буй залуу уншигчид Лхагвасүрэн ахыг битгий муугаар бодоорой. Бид хоёр одоо хаа уулзсан газраа алга дэлгэн тэврэлдээд уулздаг хуурай ахан дүүсээс өөрцгүй улс шүү.
Дээр өгүүлсэн сургамжтай явдлаас үүдээд гадаад хэл сонирхон суралцагч хүүхэд залуустаа зөвлөхөд чанга дуугаар тогтмол уншина гэдэг таван мэдрэхүй зэрэг ажилладаг, аажмаар тухайн гадаад хэлний сэтгэлгээг бүрдүүлдэг маш сайн арга байгаа юм шүү. 

     Өөртөө тохирсон хөнгөн бичвэрийг чанга дуугаар уншаад бай. Би Хосой Чихироо нэртэй нэг япон оюутанд энэ аргыг зааж өгөөд «Тунгалаг тамир» романы эхний хуудсыг 50 удаа уншуулсан. Дараачийн өдөр 49 удаа, түүний удаах өдөр гуравдугаар хуудсыг 48 удаа гэх мэт. Долоохон өдөр уншаад хэл яриа нь жигүүртэй болсон мэт асар хурдан цэгцэрсэн дээ. Нөгөө талаас жинхэнэ япон хүмүүжил гэдэг ямар гайхалтай байдгийг тэр эмэгтэй оюутан батлан харуулж билээ.

     Би өнөөдөр шинэ оюутнууддаа ярьж өгсөн түүхийг та бүхний хэл сурахад нэмэртэй байж мэднэ гээд оруулж байгаа нь энэ бөлгөө. Гадаад хэлний суурь тавигдсан тохиолдолд чанга дуугаар унших шиг сайн арга үгүй мэт санагддаг.

"МОНГОЛ УХААНЫ ЖИМЭЭР БЭДРЭХҮЙ" НОМНООС